Багшийн бүтээл / одоо судлагдаж байгаа /
Үгийн сан, утгыг заахын чухал болох нь
“Аль ч хэлийг сурч байхад маш сайн үгийн баялагтай байх нь ойлгох, харилцахын гол түлхүүр болдог.”[2]. Үгийн сан бол хэлний хувьд барилгын материалтай адилхан. Хэдий чинээ сайн үгийн сантай байна, хэлийг төдийчинээ сайн эзэмших баялаг материалтай байна гэсэн үг. “Хэлнээс үгийн санг хасвал цаана нь юу ч үлдэхгүй[3].” Гэхдээ багш бүх үгийг биш хэрэгтэйг сонгож заах л хамгийн чухал. Харин ихэнхи хичээл тухайн номд сонгосон үгийн сангаар хязгаарлагддаг бөгөөд суралцагч ямар үг хэллэг илүү сурахаар сонирхож байгааг судласны үндсэн дээр нэмэлт үгсийн сан бий болгож зааж болдог. “Үгийн сангийн хичээл заахын нэг гол утга учир бол хэрэгцээт үгийн сан, утгыг ойлгуулах, хэрэглээг зааж мэдүүлэх явдал байдаг.”[4] Гэвч ганцхан үгийн сангийн хичээл дээр биш ярианы хэл, хэлний зүй гээд бүх л хичээл дээр багш үгийн утгыг нь тайлбарлаж, хэрэглээг нь ойлгуулж байдаг.
Бид энэ үгүүлэлд монгол хэлний хувьд үгийн сан, утгыг гадаад хүнд хэрхэн зааж сургах нь зохилтой вэ гэдэг дээр анхаарал төвлөрүүлэхийг хичээлээ. Энэ үгүүллээс үгийн сан, утгыг хэрхэн заах, яаж дадлагажуулах тухай хэдэн гол аргыг сурах болно. Ер нь орчин үед гадаад хэлний үгийн санг заахдаа ихэнхи тохиолдолд шууд арга (direct method)-ыг ашиглаж байгаа нь маш үр дүнтэй байна. Энэ бол хичээлийг тухайн оюутны эх хэлээр юмуу мэддэг хэлээр орчуулалгүйгээр сурч байгаа хэлээр нь өөрөөр хэлбэл монгол хэлийг монгол хэлээр заах арга юм. Бид энэ заах аргыг л тал бүрээр хөгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас монгол хэлний багшаас англи, орос, герман гадаад хэлний мэдлэг шаардах нь утгагүй асуудал. Харин үүний оронд монгол хэлийг монгол хэлээр заах аргыг хэрхэн боловсруулж байна, онолын асуудлыг хэр зэрэг судлаж, шийдвэрлэж байна гэдэг талаас авч үзэх ёстой гэж бид бодож байна.
“Хэлний тогтолцооны нэгжүүдийн өөр хоорондын холбоо гэгч нь угтаа хэлний хэрэглүүр ба түүний гүйцэтгэх үүргийн харьцаа мөн. Хэлний аливаа нэгж бол доод түвшинд нь хамаарах нэгжээсээ бүтэх боловч үүргээрээ дээд түвшиндээ хамаарна[5].” Үгийн сан ч мөн ялгаагүй хэлний тогтолцоонд голлох үүрэгтэй учраас гадаад хэлний сургалтад үгийн сан, утгыг ойлгуулах, хэрэглээг мэдүүлэн, дадлагажуулах нь шийдвэрлэх ач холбогдолтой. Харин “тухайн суралцагчийн үгийн сан гэдэг бол тэр хэлний үгийн сангийн өчүүхэн хэсэг бөгөөд бүх үгийг мэдэх албагүй”[6] байдаг учраас багш оюутан, суралцагчийн хэрэгцээ, шаардлагад тохиросон үгийн сангийн сонголтыг маш зөв хийх ёстой.
Үгийн санг заахад шинэ үгийн утгыг оюутанд үзүүлэх (show), эсвэл хэлж тайлбарлах (use language) гэсэн хоёр үндсэн арга байдаг. Гурав дахь арга бол утгыг авиа дуугаар танилцуулах арга бөгөөд энэ арга маш бага хэрэглэгдэнэ. Энэ аргаар тайлбарлагдахгүй үг олон байдаг учраас төвөгтэй. Хичээлийн явцад дээрх гурван аргын эхний хоёр нь маш түгээмэл хэрэглэгддэг арга. Утгыг тайлбарлах явцад хэлшинжлэлийн болон үнэмшүүлэх аргыг хэрэглэх хэд хэдэн техник бий. Зарим үгс тухайлбал нэр үг, үйл үг, дайвар үг, тэмдэг үг тайлбарлахад амархан, харин зарим хийсвэр утгатай нэр үг, үйл үг тайлбарлахад маш төвөгтэй. Бие даасан бодит утгагүй, хийсвэр утгатай үгс дээрх аргын алинаар ч тайлбарлагдахгүй, тайлбарлаад оюутан ойлгохгүй байх магадлал өндөр. Ялангуяа хэлний зүйн үгс (grammar words) болох холбоос үг, дагавар, нөхцөл, зарим чимэх үгс зэрэг үүнд багтана. Эдгээр үгс бол хэлний үгийн сангийн үг, утга тайлбарлахаас илүү хэлний зүйн ойлголт тайлбарлахад илүү хэрэгтэй нь мэдээж.
Үг бүхэн хэлбэртэй. Хэлбэрийг дүрсээр илэрхийлнэ. Дүрс хүний нүдэнд бууна, дүрсээ дуудахаар аялга үүснэ, дуутай болно. Зарим багш нар суралцагсад шинэ үгийг хэлэхээсээ өмнө сонсож, уншихаасаа өмнө хэлдэг гэж боддог. Харин бүх хүн үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ ихэнхи хүн бичих, дуудах хоёр нэг дор явбал илүү ашигтай гэж итгэдэг бөгөөд харин нь аль нь зөв зүйтэй болохыг туршиж үзээрэй. Магадгүй залуу хүнд илүү амар, хөгшин хүнд төвөгтэй байх магад.
Үгийн сан, үгийн утга заах аргын хэлбэр, загварууд
Үгийн сангийн үг, утгыг мэдүүлэх, ойлгуулах, тайлбарлах доорхи мэт хэдэн арга байна. Эдгээрийг дангаар нь биш хольж хэрэглэх нь зүйтэй.
Үгийн сангийн жинхэнэ утгыг үзүүлэх (ostensive) арга
Жинхэнэ утгыг шууд үзүүлж заах арга. Тухайлбал гарын доорхи материал ашиглан шууд гартаа барин үзүүлж юм уу гараараа зааж болдог эд зүйлийг ашиглах нь энэ аргын гол утга. Жишээ нь ширээн дээр байгаа үзэг, харандаа, цүнх, ном, толь бичиг ч юм уу гарт байгаа шохой, цаас, ангид байгаа цонх, шал, хана, самбар, ширээ зэргийг заагаад ойлгуулж болно. Энэ арга нь аливаа хэлийг эхлэн суралцаж байгаа суралцагсдад хэрэглүүштэй хамгийн энгийн бөгөөд амархан арга юм. Үүнд мөн цонхоор хүний нүдэнд ил харагдаж байгаа зүйлүүд ч багтана.
Бодит зүйлээр үзүүлэх (realia) арга
Нэр үгийн утга бол угаасаа бодитой байдаг гэж ойлгож байна. Энэ аргыг хэрэглэхийн тулд сургууль дээр авчирч болдог зүйлийг үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал төрөл бүрийн жимс, өндөг, талх, шүгэл, цавуу, тоглоом гэх мэт авсаархан авчирахад төвөг багатай зүйлүүд байж болох. Оюутан бол ийм зүйлд их сонирхолтой бөгөөд ой тойнд нь амархан тогтдог юм. Энэ арга нь хүний сэтгэлгээнээс их хамаарах тул багш яаж ч нэмэн дэлгэрүүлж сэтгэж болох бололцоотой.
Зургаар үзүүлэх (pictures) арга
Тэр болгон аваад ирж болдоггүй, бодитоор үзүүлж ч болдоггүй зүйлүүдийг зургаар төлөөлүүлэн үзүүлж болно. Зургыг болж өгвөл өөрөө зурвал оюутанд илүү сонирхолтой. Дашрамд дурдахад гадаад хүнд хэл заахад багшаас зурах, жүжиглэх, дуулах, сайхан тод цэвэр ярих, гаргацтай сайхан бичих зэрэг олон авьяас шаарддаг. Энэ аргыг хэрэглэхийн тулд зургаа янз бүрийн сэтгүүлээс хайчлах, цуглуулах зэргээр зургийн сан бүрдүүлж болно. Бүрдүүлэхдээ зүйл зүйлээр нь ангилан бүрдүүлвэл илүү тохиромжтой юм. Харин цаг хугацааны хийсвэр ойлголт зэргийг үзүлэхдээ ханын цаг, хуанли зэргийг ашиглаж болох юм шүү. Мөн л багшийн уран сэтгэмжээс ихээхэн шалтгаалах арга.
Биеэр үзүүлэх (body) арга
Багш өөрийн болон оюутны биеийг үзүүлэн болгож ашиглах арга. Тухайлбал а) нүүрний төрөл бүрийн хөдөлгөөн, байдал: баярлах, инээх, халууцах, цангах, даарах, уурлах, ядрах, айх, гэх мэт. б) гарын болон буглагны хөдөлгөөнөөр хурдан, жижиг, бага, ороох, өргөн, өргөх, эргүүлэх гэх мэт үйл үгийн утгыг үзүүлэх. в) үггүй жүжиг болон агшингаар овоолох, идэх, хальтрах, босох, удах, уурлах гэх мэт маш олон үйл үг үзүүлэх боломжтой.
Дүйцээр буюу тайлбарлах (verbal definition) арга
Багш ярьж шинэ үг тайлбарлах хэд хэдэн арга бий. Гэхдээ шинээр сурч байгаа оюутнуудад хэлшинжлэлийн нэр томьёог ашиглан тайлбарлавал маш хэцүү учраас ийм арга таарахгүй. Харин доорх мэт хэдэн арга оюутны сурах, ярих, ойлгох, харьцуулах чадварт сайн нөлөөлөх учиртай.
Үгийн утгын зүйлчилсэн бүлэг (wordsets). Англи хэлээр бол topic гэдэг зүйлчилсэн агуулгаар хуваах энэ арга нь хоорондоо ерөнхий харьяа утгын хувьд хамааралтай үгсийн хүрээнд хэрэглэж болох сайн арга юм. Тухайлбал хүний эшийн нэр, үйлийн утгыг тайлбарлахад энэ аргыг хэрэглэж болно. Мөн хувцас хунар, хоол унд, жимс ногоо, тээврийн хэрэгсэл гэх мэтээр нэмэн дэлгэрүүлж болно. Харин байнга шинэ үгээр нэмэн дэлгэрүүлж баяжуулж байх хэрэгтэй. Сүүлийн үеийн гадаад хүнд зориулсан монгол хэлний үгийн сангийн зарим сурах бичиг[7]-ийг ийм арга, зарчмаар хийсэн байна.
Ойролцоо утга (synonyms) –ийг ашиглах. Яг үнэндээ гадаад хүнд хэл заахад хамгийн их хэрэглэдэг арга бол ойролцоо утгаар нь бичих, тайлбарлах арга байдаг. Ойролцоо утгатай үгсийг самбарт бичээд математик бичиглэл ашиглан үзүүлбэл суралцагч амархан ойлгоно. Жишээ нь: аялах ≈ зугаалах ≈ жуулчлах; бага ≈ жижиг ≈ бичил ≈ давжаа ≈ бяцхан ≈ өчүүхэн ≈ жаал жуул гэх мэт.
Эсрэг утга (antonyms)-ыг ашиглах. Эсрэг утгатай үг бол аль ч хэлэнд ойролцоо утгатай үгээсээ цөөн боловч бий. Энэ бол эхлэн суралцагч нарт бас нэг чухал арга. Мөн математик бичиглэлийн аргыг хэрэглэн үзүүлбэл оюутанд илүү амархан ойлгогдоно. Тухайлбал баян ≠ ядуу, том ≠ бага, өндөр ≈ нам, халуун ≠ хүйтэн, дүүрэн ≠ хоосон, багадах ≠ ихдэх, инээх ≠ уйлах, тус ≠ ус, түр ≠ бүр, асуулт ≠ хариулт, харамч ≠ өглөгч гэх мэт.
Төсөөт үгээр тайлах (cognates) арга
Төсөөтэй үг гэдэг ойлголт бол төрөл хэлнүүдийн хувьд байж болох, ашиглаж болох арга юм. Энэ нь нэг хэлнээс нөгөө хэлэнд орсон ормол буюу харь үг, эсвэл адил утга, дуудлагаараа хэрэглэгддэг үгс юм. Тухайлбал монгол хэлний хувьд монгол хэл сурч байгаа турк оюутанд төсөөт үг олныг олж тайлбарлаж өгч болно. Жишээ нь: м. арслан, т. arslan, е. lion, м. алтан, t altan, e. golden, м. булаг, t. bulak, е.spring, м. алмаас, t. almas, e. diamond, м. цэцэг, t.tsetseg, e. flower гэх мэт олон бий.
Үгүүлбэрээр ойлгуулах (illustrate sentences) арга
Энэ арга бол нэг буюу хоёр үгүүлбэрт нэг үгийг давтан бичиж ойлгуулах арга юм. Мэдээж бусад үг нь өмнө сурч мэдсэн, оюутны мэддэг үг байх ёстой. Тухайлбал эхлэн сурах шатанд Миний аав будаанд дуртай, Миний ээж ногоонд дуртай гэсэн хоёр үгүүлбэр байлаа гэж бодоход энэ хоёр үгүүлбэрээс дуртай, дургүй гэсэн хоёр үгийг ойлгуулах жишээтэй.
Ерөнхий мэдлэгийг түших арга (build on general knowledge)
Оюутны ерөнхий мэдлэг буюу сайн мэддэг зүйлд нь тулгуурлан ойлгуулах, тайлбарлах арга. Жишээ нь нийслэл гэдэг үгийг тайлбарлахдаа тэдний дэлхийн томоохон улс орны нийслэлийн нэр мэддэг мэдлэгт түшиглэн Улаанбаатар, Москва, Бээжин, Токио, Сөүл бол улсуудын нийслэл гэдэг журмаар тайлбарлах юм. Мөн үүнд түшиглэн газар орны байрлал, зүг чигийг тайлбарлаж болох жишээтэй.
Хэмжээс ашиглах (scales) арга
Энэ арга бол тэмдэг үгийг заахад маш тохиромжтой арга. Тухайлбал хоёр эсрэг утгатай үгийг сонгож аваад энэ хоёр туйлын дунд байж болох үгсийг хэмжээст багтаана гэсэн үг. Тухайлбал, халуун хүйтэн гэсэн эсрэг утгатай үгийн дунд байх дулаан, бүлээн, зэлгээн, сэрүүн гэх мэт үгсийг хэмжээст байрлалд оруулан харуулж ойлгуулах жишээтэй. Гэхдээ хэрэглээний хувьд чухам ямар үгтэй хамт хэрэглэхийг оюутан нарт жишээгээр нарийн тайлбарлаж өгүүштэй.
Дуу чимээгээр таниулах (Audio presentation) арга
Нэг ёсны дохио чимээний аргаар үг таниулах арга бөгөөд үүнд янз бүрийн дуу чимээний бичлэгийг ашиглаж болно. Жишээ нь: нохой хуцах, машин өнгөрөх, чагнаалдах, онгоц нисэх, хэхрэх, уйлах, морь янцгаах, ямаа, хонь майлах, ханиах, найтаах, ус цацах, гол урсах, гэх мэт.
Үгэн тоглоомын (word game) арга
Тодорхой хэмжээний үгийн сантай болсны дараа үгэн тоглоомын арга хэрэглэх нь сонирхолтой, үр ашигтай байдаг. Тухайлбал үгийн сүлжээ, зүйлээр хуваасан үгийн сан, төгсгөл ижил үгийн сан, үгийн бүтцийг үзүүлсэн оньсого таах, үгэн гинж бүтээх зэрэг тоглоом байж болно. Энэ арга хэрэглэхийн хувьд “хамгийн гол зарчим бол оюутны баттай бий болсон мэдлэгт суурилсан тоглоомууд байх ёстой.”[8] гэдгийг анхаарууштай.
Үгийн сан заах үе шат
Үгийн сан заах үндсэн дөрвөн үе шат байдаг. Дээрх үндсэн хэдэн аргаас нэг дор хэдийг ч хэрэглэж болно. Эхний үед үгийг хоёроос гурван удаа хэлж дуудаж өгнө. Маш цэвэрхэн дуудах ёстой. Илүү дутуу маяг, сул аялга, нэмэлт өнгө байж болохгүй. Чухам халх аялгаар яаж дуудах ёстой тэр хэм хэмжээнд хэдэн удаа дуудаж сонсгох хэрэгтэй. Ямар нэгэн нэмэлт дуудлага орвол суралцагч шууд буруу сурч авдаг. Хэлсэн үетэйгээ бараг нэг цагт үгийн утгыг ямар нэгэн аргаар тайлбарлана. Хоёр дахь үе бол давталтын үе. Олон суралцагч ч бай, нэг суралцагч ч бай заавал даган дууриалгаж дор хаяж 2-5 удаа дуудуулууштай. Дуудах явцад оюутан бүрийн дуудлагыг анхаарч, буруу дуудаж байвал тэр дор нь засаж өгнө. Гуравдугаарт самбарт бичнэ. Самбарт тод гаргацтай бичиж чанга дуугаар дуудаж өгнө. Дараа нь нэг хоёр хүнээр дуудуулж дасгаллана. Энэ үед бичлэг, дуудлага хоёр хэрхэн тохирч байгаа эсвэл зөрж байгааг тайлбарлаж өгнө. Зарим хэцүү үгийн дуудлага дээр олон улсын авианы галиг ашиглаж болохыг үгүйсгэхгүй.
Тайлбар толь, ойролцоо утгат үгийн толь, дүймэн ашиглах нь:
Гадаад хэлийг сурахад дундаас дээш төвшинд хоёр хэлний толь биш заавал тухайн хэлний тайлбар толь ашиглаж байхыг оюутан суралцагч нарт байнга шаардаж байх хэрэгтэй. Багш гар дээрээ байнга бэлэн толь бичигтэй байх нь зөв. 2006 онд И.Дамбажав нарын зохиосон “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичиг”[9] Ж.Бат-Ирээдүй, Г.Ариунжаргал нарын монгол хэлний ойролцоо утгат үг, хэллэг, хэлц үгийн толь бичгүүд[10],[11] хэвлэгдэн гарсныг оютнуудад аль болох ашиглуулууштай. Ойролцоо үгийн толь бол утгыг тайлбарладаггүй харин өргөн сонголтыг санал болгодогоороо онцлогтой. Эдгээр толь бичгүүдийг орчин үеийн хэлний тайлбар толь, ойролцоо утгат үгийн толь бичиг хийдэг шинэлэг аргаар боловсруулсан учир гадаад хүн ч хэрэглэхэд маш тохиромжтой юм.
Ийнхүү багш монгол хэлний үгийн сан, утгыг гадаадын хүнд аль болох олон төрлийн сонирхолтой аргаар заах нь тухайн суралцагчийн амжилт гаргаж, зорьсон зорилгоо биелүүлэх нэг чухал нөхцөл болно.
Номзүй
A. Монгол хэлээр:
1. “Монгол хэлний ойролцоо, эсрэг утгат үг хэллэгийн толь бичиг” Ж.Бат-Ирээдүй, Мон-Эдюкэшн Пресс, Уб., 2006
2. “Монгол хэлний ойролцоо, эсрэг утгат хэлц үгийн сан” Ж.Бат-Ирээдүй, Г.Ариунжаргал, Мон-Эдюкэшн Пресс, Уб, 2007,
3. “Монгол хэлний үг, утгын сан” Ж.Бат-Ирээдүй, Мон-Эдюкэшн Пресс” Уб., 2006
4. “Оюун билгийн мэлмийг нээгч аялгуу сайхан монгол үгийн дээж” И.Дамбажав нар, I-II боть, Өнгөт хэвлэл ХХК, Уб., 2006
Б. Англи хэлээр:
1. “A Practical handbook of Language Teaching” David Cross, Phoenix, 1995
2. “An Introduction to English Language Teaching” John Haycraft, Longman, 1993,
3. “How to teach English” Barry Sesnan, Oxford University Press, 2003,
4. “The Practice of English Language Teaching” Jeremy Harmer, Longman, 1992,
5. “Teaching English as a Second or Foreign language” Marianne Celce-Murcia, Lois McIntosh, Editors, Newbury House Publishers, Inc. 1979
В. Орос хэлээр: